Нэг. Түүхэн хөгжил
Монгол Улсын Их Хурлын 1998 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн 44 дүгээр зүйлд “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх прокурор болон хууль сахиулах бусад байгууллагатай ажлын нягт уялдаа холбоотой криминалистик, шүүх-эмнэлэг, санхүү нягтлан бодох бүртгэл зэрэг шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан материаллаг баазыг нь бэхжүүлэх арга хэмжээ авна“ гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг байгуулсан.
Тус төвд Эрүүл мэндийн яамны харьяа Шүүх эмнэлгийн магадлах төв, Сангийн сайдын дэргэдэх Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо, Цагдаагийн ерөнхий газрын Шинжилгээний хүрээлэнг нэгтгэсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн бүтэц, зохион байгуулалтыг баталсан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтсийн криминалистикийн шинжээч, нэгдсэн эмнэлгийн эмч нарыг нэгтгэн “Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба байгуулах тухай 270 дугаар тогтоол” гарч, цаашид орон тоо, материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, ажлын шаардлага хангасан контор, лабораторийн байртай болгох асуудлыг нэн даруй шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон ба Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 67, 68 дугаар тогтоолоор Аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний алба тохируулагч агентлагийн статустай ажиллаж байна.
Тус тусдаа, өөр өөр байгууллагад харъяалагдан явуулж байсан үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулсан нь хүний нөөц, материаллаг баазын хувьд өргөтгөн бэхжүүлж, үйл ажиллагааг нь цалгардуулахгүйгээр хөнгөн шуурхай чирэгдэлгүй, нэг дороос үйлчилгээ үзүүлэх нийгмийн хөгжлийн шаардлагаар эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага буюу Шүүхийн шинжилгээний байгууллагыг нэгтгэсэн билээ. Өөрөөр хэлбэл шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс шинжээч, шинжээч эмч нар хараат бус байж гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаагаа бие даан явуулах бодит бололцоог бий болгож чадсан.
Төв байгуулагдсан эхний өдрөөс өөр байгууллагын харьяанд тус тусдаа үүрэг гүйцэтгэж байсан шинжилгээний албадыг нэг удирдлага, зохион байгуулалтад оруулах, хамт олон бүрдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, ажлын нэгдсэн байртай болгох, үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох томоохон зорилт тавьж ажилласан болно.
Шинжилгээний лаборатори, хэлтсүүдийг нэгдсэн нэг байранд төвлөрүүлэх асуудлыг холбогдох яам, Засгийн газар, Их хуралд хүсэлт болгон гаргасныг шийдвэрлэж 6 давхар лабораторийн барилгыг бариулж 2008 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулаад үйл ажиллагаа явуулж байна.
Шүүхийн шинжилгээний байгууллагын хэмжээнд хэрэглэгдэж байсан 1970-1980 оны үед ОХУ, БНАГУ зэрэг орнуудад үйлдвэрлэсэн техник тоног төхөөрөмжийг шинэчлэн, төв байрны шинжилгээний лабораториудад зориулалтын тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулан 80 гаруй хувийн шинэчлэл хийгдсэн байна.
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2006 оны 27 дугаар тушаалаар Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан “Шүүхийн шинжилгээний тухай“ хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг томилон ажиллуулсан бөгөөд Монгол Улсын Их хурлын 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн шинжилгээний тухай” хууль батлагдан гарсан нь шүүхийн шинжилгээний байгууллагын хувьд үйл ажиллагааны зарчим, чиг үүргийг тодорхойлж, байгууллагын тогтолцоог баталгаажуулсан анхны бие даасан хууль болсон юм.
Хоёр. Түүхэн замнал
1928 он - Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар шифрийн нууц тусгай тасагт гэрэл зурагчны орон тоог шинээр бий болгож криминалистикийн тоо бүртгэлийг хөтөлж эхэлсэн.
1930 он - Бичиг гарын үсгийн анхны шинжилгээг Судар бичгийн хүрээлэнгээс Д.Нацагдорж, Цэвэл Дотоодыг хамгаалах газраас Доноров нар хийж дүгнэлт гаргаж байсан.
1937 он - ОХУ-ын мэргэжилтэн сургагч эмч А.И.Кусевицкий задлан шинжилгээ хийж анхны дүгнэлт гаргаж байсан.
1940 он - Дотоод явдлын яамны сайдын 1940 оны 661 тоот тушаалаар УЦСГ-ын Гүйцэтгэх албаны хэлтэст хээ шинжээчийн орон тоог баталж гэмт хэргийн тоо бүртгэл, хурууны хээ авах, гэмт хэрэгтний гэрэг зураг авах ажлуудыг хийж байсан байна.
1944 он - Дотоод явдлын яамны сайдын 1944 оны 1 сарын 12-ны өдрийн 14 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд "Шинжлэн магадлах техникийн тасаг" байгуулагдсан.
1958 он - Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх Яамны сайдын 1958 оны 600 тоот тушаалаар УЦСГ-ын Магадлан шинжлэх техникийн тасгийг "Шинжлэх ухаан техникийн тусгай тасаг" болгон өөрчилсөн.
1959 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 185 дугаар тогтоолоор Улсын нягтлан бодох экспертиз, нягтлан бодох бүртгэлийн товчоог Сангийн яамны харьяанд байгуулсан.
1960 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Шүүх эмнэлгийн магадлах товчоог Эрүүлийг хамгаалах яамны харьяанд байгуулсан.
1974 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 559 дүгээр тогтоолоор УЦСЕГ-ын Шинжлэх ухаан техникийн тусгай тасагт хими, физик, биологийн шинжилгээний лабораториудыг шинээр байгуулж, "Шинжлэх ухаан техникийн хэлтэс" болгон өргөтгөн зохион байгуулсан.
1990 он - ЦЕГ-ын даргын 1990 оны 8 сарын 13-ны өдрийн 559 тоот тушаалаар УЦСЕГ-ын Шинжлэх ухаан техникийн хэлтсийг ЦЕГ-ын "Криминалистикийн шинжилгээний төв" болгов.
1995 он - Криминалистикийн шинжилгээний төвд гарын хээний автомат харьцуулалтын Папилон-4 системийг ОХУ-ын Папилон фирмээс авч суурилуулан ашиглаж эхлэв.
1998 он - Криминалистикийн шинжилгээний төвийг лабораторийн зохион байгуулалтад оруулсан.
1998 он - Монгол Улсын Их Хурлаас 1998 оны 18 дугаар тогтоолоор “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг баталса бөгөөд тус хөтөлбөрийн 44 дүгээр зүйлд “...криминалистик, шүүх-эмнэлэг, санхүү нягтлан бодох бүртгэл зэрэг шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан материаллаг баазыг нь бэхжүүлэх арга хэмжээ авна“ гэж заасан байна.
2002 он - Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 189 тоот тогтоолоор ЦЕГ-ын бүтцийг баталж ЦЕГ-ын Криминалистикийн шинжилгээний төвийг "Шинжилэгээний хүрээлэн" болгон өргөтгөж, бүтэц орон тоог шинэчлэн баталсан.
2003 он - Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 53 дугаар тогтоолоор Сангийн сайдын дэргэдэх "Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо"-г шинэчлэн байгуулсан.
2005 он - Монгол Улсын Засгийн Газрын 2005 онд 63 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харьяа "шүүх эмнэлгийн магадлах төв", Сангийн сайдын дэргэдэх "Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо", Цагдаагийн ерөнхий газрын "Шинжилгээний хүрээлэн"-г нэгтгэн Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Шүүхийн шинжилгээний үндэсний төв"-ийг байгуулсан.
2007 он - Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 270 дугаар тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн харьяанд аймаг, нийслэлийн шинжилгээний алба байгуулсан.
2008 он - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нэгдсэн байртай болсон.
2009 он - ДНХ-ийн шинжилгээ хийж эхлэсэн.
2009 он - Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 67, 68 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2009 он - Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 19 дүгээр тогтоолоор тус байгууллагыг "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн" болгосон.
2009 он - Монгол Улсын Их Хурлын 2009 оны намрын чуулганаар "Шүүхийн шинжилгээний тухай" хуулийг баталсан.
2010 он - "Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны тангараг"-ыг анх удаа өргөсөн.
2010 он - Хүрээлэнгийн захирал, дэд захирал, химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч нарыг “Хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх сан /DCF/ ” –гийн гишүүнээр элсүүлэв. Мөн Азийн шүүхийн шинжилгээний байгууллагын сүлжээнд тус хүрээлэнг гишүүнээр элсүүлэх асуудлыг 2010 оны 6 дугаар сард Бруней улсын Драссалам хотод болсон өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэн “Азийн шүүхийн шинжилгээний сүлжээ”-нд гишүүнээр элсүүлэв.
2011 он - Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийг байгуулав.
2013 он - Хууль зүйн сайдын 2013 оны б/01 тоот тушаалаар Шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтэс, Стратеги, хөгжлийн бодлогын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын тасаг, Өмнөговь аймгийн Ханбогд, Төв аймгийн Заамар, Өвөрхангай аймгийн Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад шүүхийн шинжилгээний хэсгийг шинээр байгуулав.
2013 он - ШШҮХ-ийн төв лабораториудад хийж байгаа шинжилгээний бүртгэлийг цахим хэлбэрт оруулснаас гадна аймгуудын Шүүхийн шинжилгээний албадад хийж буй шинжилгээг цахим хэлбэрээр бүртгэх эхлэлийг тавьсан.
2013 он - ШШҮХ-ийн КШХ-т уламжлалт шинжилгээнүүдээс гадна автотехник, шүүх-компьютер судлал, дүрс бичлэг судлалын шинжилгээнүүдийг албан ёсоор хийж эхэлсэн.
2013 он - ШШҮХ-ээс санаачлан ХСИС-д Шүүх шинжилгээ зүйн чиглэлээр магистрын сургалт явуулж эхэлсэн нь хими, биологи, физик, шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий албан хаагчид шүүх шинжилгээ зүйн чиглэлээр судалгаа хийж магистрын зэрэг хамгаалах боломжийг бүрдүүлсэн.
2013 он - "Шүүх шинжилгээ хийх ажиллагаанд тавих тавих шаардлага" байгууллагын стандартыг Стандартчилал хэмжилзүйн төвд бүртгүүлэн, Стандарт ажлын заавруудыг ШШҮХ-ийн захирлын тушаалаар батлан Криминалистик, Шүүх эмнэлэг, Биологи, ДНХ, Хими, Бактериологи, Физикийн шинжилгээ хийхэд мөрдөж эхэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн гол зарчим болсон "Шүүх шинжилгээний салбарын нийтлэг шаардлага", "Нэгдмэл үзэл баримтлал"-ыг бэхжүүлэх нэг алхам болсон.
2013 он - Шүүх шинжилгээний байгууллагын албаны ялгах энгэрийн тэмдэг буюу жетоны загварыг ШШҮХ-ийн захирлын А/762 тоот тушаалаар батлан, алба хаагчид хэрэглэж эхлэв.
2014 он - Цаашид жил тутам боловсруулж, хэвлүүлэх зорилгоор Шүүхийн шинжилгээний байгууллагад 2013 онд хийсэн шинжилгээ, оролцсон хэргийн газрын үзлэгийн тоон үзүүлэлтүүдээр "Шүүх шинжилгээний статистик"-ийг боловсруулан, товхимол болгон хэвлүүлсэн.
2015 онд Криминалистикийн шинжилгээний алба үүсгэн байгуулагдсан түүхт 70 жилийн ойг амжилттай тэмдэглэн өнгөрүүлэв.