Хууль зүй,дотоод хэргийн сайдын
2010 оны 81 дүгээр тушаалын хавсралт
Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний
албаны дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба (цаашид алба гэх) нь шүүхийн шинжилгээний байгууллагын чиг үүргийг харъяалах нутаг дэвсгэртээ болон шаардлагатай тохиолдолд зэргэлдээх аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн.
1.2 Алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, энэ дүрмийг мөрдлөгө болгоно.
1.3 Алба нь шүүхийн шинжилгээний байгууллагын бэлэг тэмдэг, тогтоогдсон журмаар батлагдсан тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, албан хэргийн бүртгэл маягтуудыг хэрэглэнэ.
1.4 Алба нь үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх, хараат бус байх, нууцыг хадгалах, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг удирдлага болгоно.
1.5 Алба нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилгоор нутгийн төр, захиргааны байгууллагын дэмжлэг авч, хууль хяналт , эрүүл мэнд, санхүүгийн болон бусад байгууллагатай үйл ажиллагаагаа уялдуулж , хамтран ажиллана.
1.6 Аймаг, нийслэлийн албаны дарга, шинжээч, мэргэжилтэн, бусад ажиллагсдыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал томилно.
Хоёр. Албаны эрх,үүрэг
2.1 Алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.1.1 хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, үзлэгээр илэрсэн ул мөр, эд мөрийн болон бусад баримт сэлтэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах , прокурор, шүүхийн байгууллага / цаашид эрх бүхий байгууллага гэх /-ын тогтоол, шийдвэрээр гарын мөр, мөр судлал, гар бичмэл, гарын үсэг, хуурамчаар үйлдэгдсэн баримт бичиг, мөнгөн тэмдэгт, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, задлан шинжилгээ, гистологи, цусны бүлэг, согтолтын зэрэг тогтоох лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах.
2.1.2 гарын хээ, галт зэвсгийн сумны хошуу, хонгионы болон хэн болох нь тогтоогдоогүй , хариуцах эзэнгүй цогцосны тухай мэдээллийг нэгдсэн санд төвлөрүүлж, ашиглах.
2.2 Алба нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
2.2.1 албаны бүтэц, хүний нөөц, үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх.
2.2.2 лабораторийн тоног төхөөрөмж, үзлэг шинжилгээний арга зүй, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр санал боловсруулж шийдвэрлүүлэх.
2.2.3 шинжилгээний холбогдолтой бүртгэл судалгаа, мэдээлэл бусад материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулж авах.
2.2.4 хэргийн газрын үзлэг хийх, шинжилгээний дүгнэлт гаргахад маргаантай, эргэлзээтэй хүндрэлтэй тохиолдолд үзлэг шинжилгээний арга зүйн зөвлөмж, тусламжийг хүрээлэнгээс авч тухайн мэргэжлийн лаборатори, албан тушаалтныг оролцуулах.
2.3 Алба нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
2.3.1 энэ дүрмийн 1.2-т заасан үзлэг, шинжилгээ, магадлагаа хийж дүгнэлт гаргах.
2.3.2 эрх бүхий байгууллагын шийдвэрээр гарын мөр, мөр судлал, гар бичмэл, гарын үсэг, хуурамч баримт бичиг , мөнгөн тэмдэгт, гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, задлан шинжилгээ, цусны бүлэг, согтолтын хэмжээ тогтоох зэрэг лабораторийн хүчин чадал, шинжээч мэргэжилтний чадавхид тохирсон үзлэг шинжилгээ хийж дүгнэлт гаргах.
2.3.3 мөрдөн байцаалтын туршилт, нэгжлэг, эксгумацид оролцох.
2.3.4 криминалистик, шүүх эмнэлгийн чиглэлээр алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, ажлын аргачлал, заавар зөвлөмжөөр хангах, ажлыг зохион байгуулах.
2.3.5 алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, ажиллах нөхцөл нийгмийн баталгаа аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд санаачлагатай ажиллах.
2.3.6 тухайн нутаг дэвсгэрт үүссэн байгалийн гамшиг тээврийн хэрэгслийн осол зэрэг онцгой байдал, нийтийг хамарсан арга хэмжээнд ажил үүргийн дагуу оролцох.
2.3.7 үйл ажиллагаагаа Шүүхийн шинжилгээний төв байгууллагад тайлагнах.
2.4 Албаны дарга дараах эрх, үүрэгтэй:
2.4.1 албыг төлөөлөн холбогдох байгууллага, албан тушаалтантай харьцах.
2.4.2 албаны өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, төлөвлөгөө, дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, алба хаагчдын ажил үүргийн хуваарийг батлан мөрдүүлэх, лаборатори, ажилтнуудын ажлын уялдаа холбоог хангах.
2.4.3 иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд шалган шийдвэрлэх, алба хаагчдын сахилга хариуцлагын байдалд хяналт тавих.
2.4.4 алба хаагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, албаны хэтийн төлөв, хөгжлийн чиг хандлагын талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх.
2.4.5 олгогдсон эрх хэмжээний хүрээнд тушаал, шийдвэр гарган хуваарилсан төсөв хөрөнгийг захиран зарцуулж, санхүүгийн бүртгэл тооцооны ажилд хяналт тавих.
2.4.6 шүүхийн шинжилгээний байгууллагын сахилгын дүрмээр олгогдсон эрхийнхээ хүрээнд алба хаагчдыг ажлын үр дүнгээр шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах.
Гурав. Бусад зүйл
3.1 Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны даргын дэргэд албан хаагчдын томилгоо, шагнал урамшил, санхүү, төсвийн хуваарилалт, зарцуулалт зэрэг захиргааны үйл ажиллаганд нь зөвлөх үүрэг бүхий даргын зөвлөл ажиллах ба уг зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Хүрээлэнгийн захирал батална.
3.2 Албаны дарга, шинжээч, мэргэжилтнүүд нь албан тушаалынх нь онцлогийг харгалзсан цагдаагийн цол, дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэнэ.
3.3 Алба нь улсын төсвөөс санхүүжих бөгөөд гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
3.4 Алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39.2-т зааснаар төлбөрт үйлчилгээ явуулж болно.